Шинэ коронавирүсийн халдварын эсрэг хариу арга хэмжээний мэдээлэл

2020 оны 1 сарын 28 794

Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас шинэ коронавирүсийн халдварын эсрэг  авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, тандалтын мэдээг хүргэе.

Хилийн Мэргэжлийн хяналтын алба нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаабаатар, Эрээн-Улаанбаатар, Хонгконг-Улаанбаатар, Манжуур-Улаанбаатар чиглэлийн нийт 5 рейсийн нислэгийн зорчигчдоос “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудас бөглүүлэн тандалт хийж байна. Энэ хугацаанд сэжигтэй зорчигчийг тусгаарлах, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх,  шинж тэмдэг дугуйлсан зорчигчдыг давтан тандалт судалгаа хийх зэргээр хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллалаа. Мөн бусад чиглэлээс ирж буй зорчигчдын хяналтыг чангатгаж, термокамераар халууныг хэмжин, давхар ажиглалт хийж байна.  

Голомттой бүсээс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны хооронд 83 агаарын хөлгийн 11645 зорчигчоос эрүүл мэндийн тодорхойлолт хурааж тандалт судалгаа хийсэн. Үүнээс зөвлөгөө өгч хил нэвтрүүлсэн 117, тусгаарласан 30, мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн 7 тохиолдол байна.

            МХЕГ-аас ирсэн зөвлөмжийн дагуу хилийн нэвтрэх цэгт ажилладаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх, зөвлөмж, сэрэмжлүүлэг, шинэ мэдээ, мэдээллээр хангах сургалт зохион байгууллаа. Сургалтад хил хяналтын 3 байгууллага, “Чингис хаан” ОУНБ, 11 авиакомпанийн ажилтан, албан хаагчид хамрагдав. Мөн “Аэромонголиа” ХХК, “Изинис эйрвэйз” ХХК-ийн 56 ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулж, зөвлөмж тараасан.

Нисэх буудлуудын удирдах газрын мэдээллийн цагаар 70 ажилтанд шинэ коронавирүсийн талаар мэдээ мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах, халдварын үед хэрэглэх амны хаалт, хувцас хэрэглэлийг яаж өмсөх зааварчилгаа өгч ажилласан.

 

        БУЯНТ-УХАА БООМТ ДАХЬ ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ