Амны хаалт зүүх, гар угаах дадлыг хэвшүүлж чадвал халдвараас хамгаалж чадна

2020 оны 7 сарын 27 134

Иргэн Та Амны хаалтаа зүүхээ больж Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг төдийлөн анхаарахаа байсан уу? Гараа тогтмол савандаж угаахаа мартаж, хүнтэй харьцахдаа зай барих зарчмыг дагахаа больсон уу?

COVID-19 вирусын халдвар дэлхийг өмнөө “номхон” зогсоосноос хойш хагас жил илүү хугацаа боллоо. Энэ хугацаанд дэлхий дахинаа 15,349,000 хүн коронавируст халдвараар өвчилж, хагас сая илүү хүний амийг өргөсний багагүй хувийг “хэнэггүй” зангийнхаа төлөөсөнд өгсөн байна. Яахав бүгд хэлсэн ярьсаныг тоогоогүй тогтоогоогүй гэж хэлэх нь өрөөсгөл байж болох. Гэвч коронавирусын өвчлөл эндэгдлийн хар листэнд толгой цохиж яваа АНУ, Бразил зэргийн орнууд харсаар дуулсаар атлаа “том толгой” гаргасныхаа үр дүнг нулимстай нүдээрээ харж суугаа. Анх-Отгоноор дуусгахын ерөөл тавьсан манай улсад коронавируст халвдар батлагдсан тоогоор 288 болсон. Тэгээс их тоо байна гэдэг эрсдэл байгааг илэрхийлнэ. Тэгэхээр бидэнд эрсдэл аль хэдийн үүсчээ.

Дэлхийн хүн амын дунд коронавирусын эсрэг дархлаатай хүн тун бага байна.  Тиймээс хүн бүр эрсдэлтэй байна. Канад улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тус улсын хүн амын нэгээс бага хувьд нь энэ вирусын эсрэг дархлаатай байна. Тиймээс тус улсын иргэд коронавирусын өвчлөлд өртөмтгий байна” гэсэн судалгааны дүн гарчээ.

Та коронавирусээр өвдвөл эдийн засгийн ямар эрсдэл үүрэхээ тооцоолсон уу?

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс коронавируст халдвараар өвчилсөн иргэнд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний зардал хэд болж буй талаар хэвлэл мэдээллийн байгууллага тодруулжээ. Дээрх асуултанд тэрээр хариулахдаа маш их мөнгөн дүн гарч байгааг дурьджээ. Үүнд эмч, сувилагч нарын малгайнаас эхлээд, хөлийн ул хүртэл зайлшгүй өмсөх нэг удаагийн хувцас хэрэглэл, вирусний эсрэг эм, бусад шинж тэмдгүүдийг дарах эм, эмч нарын илүү цаг, байр дулаан, тоног төхөөрөмж гээд ДЭМБ-ын аргачлалаар нарийн тооцож гаргахаас наашгүй асар их өртөг үүсч байгааг тайлбарлаж буй юм.

Амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угаах, хүн хоорондын зайгаа барих талаар ЭМЯ-ны өдөр тутмын мэдээллийг та мөрдөж байна уу?

Дэлхийн эрдэмтэд хүн амынхаа 90 хувийг амны хаалт зүүх, гар угаах дадалд хэвшүүлж чадвал халдвараас хамгаалж чадна гэж үзэж байгаа. Хамгийн хямд, хамгийн энгийн дээрх аргуудыг амьдралдаа хэрэгжүүлснээр өөрийн болон өрөөлийн эрүүл мэндийг хамгаалж чадах юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал хэлэхдээ “COVID-19 өвчний эсрэг авах хариу арга хэмжээний хоёр гол тулгуур хүчин зүйл байна. Энэ хоёр тулгуур хүчин зүйлийн улс төрийн манлайлал олон нийтийн оролцоо” гэдгийг онцгойлон сануулсан юм. Нийгмийн зөв манлайлал эрүүл мэндийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь коронавирусын эсрэг баталгаатай, аюулгүй вакцин гартал бидний өөртөө хэрэглэх “эм”болж таарч байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ