Гаалийн шаардлагын жагсаалт

Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл нь:

“Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл” гэдэгт дараахь зүйлийг ойлгоно:

  • аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл;
  • зорчигчийн хувийн хэрэглээний эм;
  • хууль тогтоомжид заасан тоо хэмжээ, үнийн дүнд багтаж буй гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх эд зүйл.

Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээ нь:

Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний барааг болон тухайн зорчигчийн аяллын зорилго, хугацааг харгалзан дараах барааг хамааруулна.

Үүнд:

  • хувийн гоёл чимэглэлийн эдлэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/;
  • гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл;
  • зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний слайд болон хальс;
  • дуран;
  • зөөврийн хөгжмийн зэмсэг;
  • зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, СД тоглуулагч, дуу хураагч хальс, бичлэг болон дискний хамт;
  • зөөврийн радио хүлээн авагч;
  • гар утас, эсвэл үүрэн телефон;
  • зөөврийн телевизор;
  • зөөврийн бичгийн машин;
  • зөөврийн компьютер болон дагалдах хэрэгсэл;
  • зөөврийн тооны машин;
  • хүүхдийн тэрэг болон тэргэнцэр;
  • тахир дутуу хүмүүсийн тэргэнцэр;
  • спортын хэрэглэл.

Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд:

  • Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан авч яваа эмийг ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМ гэнэ.
  • Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг импортын бараа гэж үзэхгүй ба импортын зөвшөөрөл шаардахгүй.
  • Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах /чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтана.
  • Дараахь төрлийн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг 

ХОРИГЛОНО:

  • судсаар сэлбэх шингэн;
  • антибиотик тариа;
  • мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм;
  • цусны бэлдмэл сийвэн орлох эм;
  • нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл.

Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд:

  • Зорчигчийн ХУВИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно. / Зорчигчийн байнга оршин суугаа газар гэдэгт тухайн улсын иргэний, тухайн улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэний оршин суугаа улсыг ойлгоно./
  • Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг тухайн зорчигчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад байх зөвшөөрөгдсөн хугацаанд хилээр түр хугацаагаар нэвтрүүлж, бүртгэлээр хяналт тавина.
  • Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэлд байгаа засвар, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай сэлбэг, хэрэгсэл болон шатахууныг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ.
  • Хэрэв зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл Монгол Улсад оруулснаас хойш тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвар ногдуулна.

Зорчигч нь дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад АЛБАН ТАТВАРГҮЙГЭЭР гаалийн хилээр нэвтрүүлнэ:

  • Архи 1 литр,
  • дарс 2 литр,
  • пиво 3 литр,
  • янжуур 200 ширхэг,
  • сигар, навчин тамхи 50 ширхэг,
  • задгай тамхи 250 граммаас илүүгүй /18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй/.
  • Монгол Улсад буюу гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүй.
  • Нотариатын, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө /өв залгамжлалын эд юмс, үнэт эдлэлийг борлуулсан орлогоор худалдан авсан зүйлийг өв залгамжлалын эд хөрөнгөд тооцохгүй/.
  • Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харъяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргана.
  • Гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхэгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.
  • Зорчигчийн аялалын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ.

ЖИЧ:

-Зорчигчийн БУСДАД ДАМЖУУЛАХ БАРААГ тухайн зорчигчийн бараа, эд зүйлд тооцох бөгөөд зорчигч гаалийн мэдүүлэгт бичиж мэдүүлсэн байна.

-Боловсруулаагүй, эсхүл дахин боловсруулалт хийгдэх бараа, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд, бараа материал, химийн болон цацраг идэвхит бодис, шилжмэл генитэй хүнсний бүтээгдэхүүн зэргийг хувь хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй

Улс хоорондын ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ гаалийн хилээр нэвтрүүлэхэд:

  • Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хүлээн авагчид олгох, эсхүл гадаад улсад илгээхийг хориглоно.
  • Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа байгаа гэх сэжиг бүхий тохиолдолд, эсхүл гадаад орны гаалийн байгууллагын хүсэлтээр гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн байгууллага саатуулан шалгаж болно.

Дараахь бараа, эд зүйлийг улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглоно:

  • Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;
  • Үндэсний болон гадаад валют, үнэт цаас;
  • ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;
  • цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;
  • амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
  • хуулиар хориглосон бусад бараа.

Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн байгууллага гаалийн түргэвчилсан бүрдүүлэлт хийнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх шуудангийн илгээмжид гаалийн байгууллага хяналт тавих бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийхгүй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ